Хосуудын хувьд урт хугацаандаа харилцаагаа эрүүл тогтвортой авч үлдэх нь хамгаас чухал байдаг. Бие биендээ чин сэтгэлээ ойлгуулж хэдхэн хором ч гэсэн ярилцаж, халуун дулаан мэдрэмжийг бие биедээ зориулж нэгнээ хүндэтгэн сонсон гэдэг их энгийн хэрнэ хамгийн том хүчин зүйл нь болж өгдөг. Мөн илүү гүн гүнзгий сэтгэл хөдлөлөөр хөтлөгдсөн харилцан яриа нь утга учиртай харилцаа, романтик холбоог хадгалж байдаг. Ингэснээр хос хоёрын дунд үүсэх сөрөг уур амьсгал болон харилцааны ойлгомжгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлдэг билээ.
Та найз залуу / нөхөртэйгөө хэр нээлттэй ярилцдаг вэ? Дараах сэдвүүдийн тухай заавал ярилцаж байгаарай.
Сарын тэмдэг
Сарын тэмдгийн мөчлөг нь хоолны дуршил, зан араншин, мэдрэмж, бусдад хандах хандлага гээд бүхий л зүйлд нөлөөлдөг. Зарим тохиолдолд биеийн өвдөлт ч үүсгэх нь бий. Энэ үед бие махбод болоод сэтгэлзүйд ямар өөрчлөлт гарч буйг, юу мэдэрч байгаагаа нөхөр / найз залуутайгаа хуваалцах хэрэгтэй.
Магадгүй өмнө энэ сэдвээр ярьж байгаагүй бол жаахан ичмээр, санаа зовмоор санагдах байх. Гэхдээ л энэ сэдвээр илэн далангүй ярилцах нь та хоёрын харилцааг илүү гүнзгий болгох болно. Сарын тэмдэг ирэх үеийн өвдөлт, сэтгэл зүйн байдал гэх зэргээр эхлээд жижиг харилцан ярианаас эхлээрэй.
Сэтгэл хөдлөл
Мэдрэмжүүдийнхээ тухай хуваалцах нь хамтдаа өсөж, том болох, нэг нэгнээ илүү гүнзгий ойлгодог болоход тусалдаг. “Ийм зүйл хийхэд надад сайхан санагддаг, надтай ингэж харилцах нь намайг шархлуулдаг, би дургүй байдаг” гэх мэтээр ярилцаж байх нь чухал. Дуртай хоол, өнгө гэдгээс илүү гүн гүнзгий сэдвээр мэдрэмжүүдийнхээ тухай ярилцаж хэвшээрэй.
Бэлгийн амьдрал
Хосуудын дунд бэлгийн харьцааны тухай эрүүл яриа байнга гардаг байх ёстой. Хосууд хүсэл сонирхлоос эхлээд дотно харилцаатай холбоотой илүү тодорхой асуудлуудын талаар ярилцдаг байх нь чухал юм. Юу мэдэрдэг, юу мэдэрмээр байгаа, таалагдаж байгаа болон таалагддаггүй зүйлсээ илэн далангүй яриарай. Гэхдээ энэ харилцан хоёр хүний мэдрэмжийн тухай асуудал тул хэт шүүмжлэлгүй, хэт өөрийгөө онцлохгүй ярилцах нь чухал юм.
Амьдралын зарчим, үнэт зүйлс
Үнэт зүйлийнхээ талаар нээлттэй, шударгаар ярих нь харилцаанд чухал үүрэгтэй. Сүсэг бишрэл, гэр бүлийн байдал, амьдралын хэв маяг, зорилго, санхүүгийн байдал гэх зүйлсийн талаар нээлттэй ярилцдаг байх шаардлагатай. Гэвч харилцаа тань аль шатандаа явна, ямар үед аль сэдвийг хөндөх талаар бодолцож үзэх нь чухал.
Мөнгө, бэлгийн харьцаанд нийцэх байдал эсвэл амьдралын зорилго гэх мэт хүнд сэдвүүдийн талаар ярих нь хэцүү байдаг. Танд туслах гол зарчим бол нээлттэй, шударга харилцаа юм. Дахин хэлэхэд хэт шүүмжилсэн өнгө аяс харилцааг улам муутгадаг тул шударга гэхдээ эелдэг ярианы өнгийг бариарай.