Сарын тэмдэг ирсэн үед баримтлах зарчим

Хорвоо дэлхий дээрх бүхий л зүйлс байгалийн зохицол зохилдлоготой байдаг. Тэр дундаа эмэгтэй хүний биеийн зохицол хамгийн гайхалтай нь гэж хэлж болно. Үр, хүүхдээ тээж төрүүлэх, сарын тэмдэг мөчлөгийн зохицол гэх олон нөхөн төлжилт явагдаж байдгаараа үнэхээр онцлогтой. Мэдээж байнгын өөртөө анхаарал тавьж  сэтгэл санаагаа эерэг тайван байлгаж бие махбодоо хайрлах нь чухал.

Сарын тэмдэгтэй холбоотой олон дам яриа эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн дунд байдаг. Магадгүй эдгээрийн зарим нь үнэн, зарим нь итгэж, хэрэгжүүлэхэд эргэлзээтэй нь ч бий. Тиймээс эдгээрээс хамгийн түгээмэл байдаг ташаа ойлголтыг энэ удаагийн нийтлэлээрээ залруулан хүргэж байна. Хэрвээ танд өөрийн баримталдаг шалгарсан арга байдаг бол бидэнтэй болон манай уншигчидтай Comment хэсэгт хуваалцаарай.

Халуун ваннд хэвтэх - Сарын тэмдгийн үед умайн хүзүүн орчин маш мэдрэмтгий байдаг учир халдвар авах эрсдэл өндөр болдог. Тиймээс халуун ваннаас илүүтэй шүршүүрт орохыг зөвлөдөг. 

Хэт халууцах - Сарын тэмдэг ирсэн үед халууцах, халуун бүгчим орчинд удаан байх нь ариун цэврийн хувьд болон биед таагүй мэдрэмжийг танд өгөх болно. Гол шалтгаан нь хэт халууцсанаар судас тэлж, цусны эргэлт ихэссэнээр сарын тэмдгийн хэмжээнд өөрчлөлт орж ихээр ирэх, тухгүй байдал үүсгэдэг.  

Бэлгийн харьцаанд орох - Сарын тэмдгийн үед бэлгийн харьцаанд орохоос татгалзахыг зөвлөдөг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, дээр дурдсанчлан умайн хүзүү ба умай аливаа халдвар, вирус, бактерийн эсрэг маш эмзэг нян үржих таатай нөхцөл болдог.  Хоёрдугаарт дотно харьцаанд орсны дараа сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүдэд таагүй мэдрэмж төрөх нь элбэг. 

Зохисгүй хооллолт - Хоол тэжээлийн хувьд хүнд хоол, даршилсан ногоо, халуун ногоо, хоносон хоол, түргэн хоолны тухай түр зуур мартсан нь дээр. Сарын тэмдгийн үеэр эмэгтэйчүүд тодорхой хэмжээний амин дэм алддаг тул гемоглобины төвшинг нэмэгдүүлдэг төмөр, уураг ихтэй хоол хүнсийг сонгох нь зүйтэй. Мөн хоолны дэглэм барих нь цус алдах, хоол тэжээлийн дутагдалд хүргэх хүсээгүй үр дагаварт хүргэдэг. 

Эм уух - Өвдөлт намдаах эмээр биеэ дасгах нь тохиромжгүй. Заримдаа сарын тэмдгийн өвдөлт халуун жин, амрах зэрэг энгийн үйлдэлд намждаг тул бие махбодод үүнийг даван туулах боломжийг олгох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд анальгин, аспирин зэрэг өвчин намдаах эмийг тогтмол, их хэмжээгээр уухгүй байх хэрэгтэй. Учир нь энэ нь гематопоэтик процесст нөлөөлж цусны бүлэгнэлт үүсгэх сөрөг нөлөөтэй байдаг байна.

Тампон хэрэглэх - Зуны улирал, онцгой тэмдэглэлт өдөр тав тухтай байхад бусад ариун цэврийн хэрэгсэлтэй харьцуулахад тампон илүү тухтай гэдэгтэй маргахгүй байх. Гэхдээ тампоныг тогтмол хэрэглэх нь дулаан орчинд цусны эсийн задрал үүсэх, аарцгийн эрхтнүүдийн үрэвсэлд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй.

Угаалгын саван, шингэнд хайхрамжгүй хандах - Ариун цэврийн хувьд энгийн савангийн тухай мартах хэрэгтэй. Учир нь найрлагад нь орсон хөөсрүүлэгч бодис, үнэр оруулагч зэрэг  нэмэлт орцууд нь гадаад бэлэг эрхтний арьс, салст бүрхэвчийг гэмтээж, хуурайшихад нөлөөлдөг. Тиймээс боломжтой бол зориулалтын орц найрлага бүхий саван, угаагч шингэн хэрэглэж хэвшихийг санал болгож байна. Хэрэв боломжгүй тохиолдолд будаг, харшил үүсгэгч, үнэргүй хүүхдийн энгийн саван, угаагч хэрэглэх нь тохиромжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *